Monday, September 17, 2012

“Алтан гөрөөс”-д дэлхийн яруу найрагчид чууллаа


2012 оны 9 сарын 13
“Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн фестиваль Монголд анх удаа болж байна. Тус наадмын зохион байгуулах хорооны гишүүн, “Шинэ Монгол радио”-гийн орлогч захирал Г.Сонинбаяртай уулзан наадмын талаар ярилцлаа.

-“Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн наадам болж байгаа шүү дээ. Яагаад энэ наадмыг зохион байгуулах болов?

-“Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн фестиваль есдүгээр сарын 8-нд нээлтээ хийн эхэлсэн. Энэ наадмыг Бельгид ажиллаж, амьдарч байгаа яруу найрагч Сэрээнэнгийн Билэгсайхан гэж залуу анх санаачилсан. Мөн Бельги, Монголын соёлын харилцааны нийгэмлэг, Бельги дахь Монголын өргөмжит консул Паул гэж эрхмүүдийн санаачлагаар наадам маань болж байна. Энэ фестивалийн гол зорилго нь Олон улсын яруу найрагчид Монголд цугларч, байгаль эх дэлхийгээ хамгаалах үзлийн дор нэгдэж, уншлага, аялал хийхээр анх удаа Монголд зохиогдож байна.

-Наадмын нэрний тухайд?

-Шашин, ном зохиолд гөрөөсийг бор гөрөөс, бодь гөрөөс хэмээн аливаа сайн үйл, бодь сэтгэлийн гол бэлэгдэл болгон дүрсэлсэн байдаг. Мөн энэ наадмыг санаачилсан яруу найрагч С.Билэгсайхан Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул. Тэр сумын нутаг дахь Эргэлийн заам дээр эрт цагт бор гөрөөс элбэг байсан ч одоо ховордоод байгаа юм. Хэрвээ бор гөрөөс үзэгдсэн тохиолдолд нутгийн ард олон тэр зуныг сайхан болж, байгаль дэлхий хур бороогоо хайрладаг гэсэн яриа байдаг учраас энэ бүхнийг бэлэгдэн говийн сайхан байгальд нар хур тэгшрэн бор гөрөөс эргэж ирээсэй гэсэн санаагаар алтан говьтойгоо зүйрлэн “Алтан гөрөөс” хэмээн нэрлэсэн.

-Монголоос арван зохиолч, гадаадаас арван зохиолч оролцож байгаа гэсэн шүү дээ?

-Оролцогчдын хувьд Турк, Бельги, Нидерланд, Япон, БНСУ, БНХАУ, ӨМӨЗО, Монголын яруу найрагчид ирж шүлгээ уншиж байгаа. Зохион байгуулагчид өөрсдийн боломж, бололцооноосоо болоод эхний удаад 20 яруу найрагч урин оролцуулья гэж төлөвлөсөн.

-Оролцож байгаа яруу найрагчдын сонголтыг хэрхэн хийсэн бэ?

-Ер нь оролцогчдын хувьд залуу яруу найрагчдыг түлхүү сонгосон. Гадаадын 10 яруу найрагч гэхэд л ид туурвиж бүтээж яваа Европдоо танил болж байгаа залуу яруу найрагчид. Белгийн зохиолч гэхэд 1982 онд төрсөн залуу, Туркийн эмэгтэй яруу найрагч бас 1983 оных гээд ерөөсөө залуу үеийн төлөөлөл багтсан. Нидерландаас оролцож байгаа яруу найрагчийн тухайд орчин үеийн чиглэлээр бичиж туурвиж яваа нутагтаа алдартай яруу найрагч төдийгүй зураач хүн байх жишээтэй. Мөн Нидерландын уран зохиолын сангийн тэргүүн ирсэн. Энэ хүн яруу найрагч, зохиолч хүн. Тэрбээр яруу найргийн олон улсын фестивалийг тогтмол зохион байгуулдаг, яруу найргийн том сайт ажиллуулдаг хүн. БНСУ-аас ирсэн яруу найрагч бол философич, жүжгийн зохиолч, Монголд бас ном нь хэвлэгдчихсэн. Мэдээж зохион байгуулж байгаа орны хувьд өөрсдийн яруу найргийг Европын уран зохиолчдод таниулан сурталчлах нь гол учраас аль болохоор Монголын яруу найргийн үе үеийн төлөөллийг багтаахыг хичээсэн. Үүнд, яруу найрагч Д.Урианхай гуай, Болор цомын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж, залуу үеэс яруу найрагч Г.Сүхзориг гэж залуу оролцож байгаа. Гол шаардлага нь англи хэлний зохих хэмжээний мэдлэгтэй, бүтээл нь хүлээн зөвшөөрөгдсөн байх хэрэгтэй гэж үзсэн л дээ.

-Наадмын хүрээнд хаана, хаана ямар хөтөлбөрийн дагуу яруу найргийн уншлагууд болж байна?


-Энэхүү наадмын гол хөтөлбөр нь Улаанбаатар, Сайншанд, Дорноговь аймгийн Хатанбулаг гэсэн чиглэлээр аялж, байгалийн сайханд шүлэг найргаа унших төлөвлөгөөтэй байгаа. Энэхүү аяллын явцад яруу найргийн гурван удаагийн томоохон уншлага болно. Эхнийх нь ноён догшин хутагт Дулдуйтын Данзанравжаагийн байгуулсан Дорноговь аймгийн Хамарын хийд Шамбалын орон дээр энэ сарын 10-нд нээлтийн уншлага болсон бол дараа нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэлийн зоо гэж говийн хайрхан дээр хоёр дахь уншлагаа хийсэн. Харин хаалтын уншлагаа энэ сарын 15-нд Заан Тэрэлжид хийнэ.

-Бусад яруу найргийн наадмаас юугаараа онцлог вэ?

-Гол онцлог нь яруу найргийн наадмын хүрээнд байгаль дээр сайхан уншлага хийнэ. Ямар нэгэн уралдаан биш. Тийм болохоор хэн нэгэн хүнд цом гардуулах ч юм уу, өндөр шагналаар байлахгүй. Олон улс орны яруу найрагчид хоорондоо танилцан бичиг соёлын солилцоо явагдана. Яруу найргийн уншлагийн гол онцлог нь эх хэлээрээ бүтээлээ туурвин Монголд зохион байгуулагдаж байгаа учраас монгол хэлээр орчуулагдана. Мөн энэ фестивалиас гол үлдэх зүйл нь оролцсон бүх яруу найрагчдын бүтээлийг эх хэл дээр нь давхар хэвлээд уран зохиолын өнөөгийн чиг хандалагыг харуулсан ном болгон гаргана. Ер нь Европ, Азид гарч бий болгоод олон улсын фестивалиудад харилцан яруу найрагчдаа солилцох гээд олон зүйлийг төлөвлөөд байна. Дорны их яруу найрагч Бэгзийн Явуухулан гуайн хэлсэнээр дэлхийн дэмжээ хэрэгтэй гэдэг шиг Монголын яруу найргийг дэлхийд гаргах бодлого бол бидний гол зорилго.

-Яруу найрагчдын оролцож байгаа бүтээлүүдэд ямар сэдвээр зонхилж байна?


-Сэдэв заахаар баригдмал болчихдог. Ерөөсөө л яруу найраг гэдэг цаад оюун сэтгэлгээрээ байгаль эх дэлхийгээс ундаргатай учраас яруу найргийн бүх төрлөөр чөлөөт сэдвийн дор явагдаж байна. Жишээ нь манай яруу найрагчдаас Б.Галсансүх модернист бүтээлүүдээ толилуулах бол А.Эрдэнэ-Очир найрагч Монголын яруу найргийн онцлогийг харуулсан монгол сайхан шүлгүүдээ уншина. Сүхзориг болохоор орчин үеийн пост модернист чиглэлээр, Д.Урианхай гуайн гүн ухааны шүлгүүд гээд Монголын утга зохиолын үе үеийн төлөөллүүд өөрсдийн бүтээлээ дэлгэнэ.

-Яруу найргийн орчуулга хэн хүний хийчих амархан ажил биш шүү дээ. Энэ номын орчуулга дээр ямар хүмүүсийг сонгосон бэ?


-Наадмын бэлтгэл хийж байхад энэ бол том асуудал байсан. Азаар манай залуучууд дунд хэлтэй хүмүүс олон байна. Яруу найрагч Б.Баясгалан гэж бүсгүй бий. Сая дэлхийн хүүхдийн уран зохиолын 108 боть дээр ажилласан яруу найргийн орчуулгаар нэлээн мэргэжсэн хүн. Тэрбээр гол орчуулгуудыг нугалж байгаа. Мөн турк хэлтэй Д.Мөнхтөр гэж яруу найрагч байгаа. Ер нь шүлгийг шүлэгч хүн л орчуулбал арай ойртоно. Түүнээс биш гадаадад сургууль төгссөн, тэнд амьдарч байсан гээд бизнесийн англи хэлтэй хүн байлаа ч тухайн шүлгийг мэдрэхгүй хэцүү л дээ. Тийм болохоор дандаа яруу найрагч, уран зохиолын орчуулгаар мэргэшсэн хүмүүстэй хамтран ажиллаж байгаа.

-Дараагийн яруу найргийн наадмыг хэзээ гэж товлоод байна?


-Энэ наадмаа жил бүр зохион байгуулна. Зохион байгуулагчид дараа жил Хэнтий аймагт хийхээр ярилцаж байгаа. Энэ жил догшин хутагт Дулдуйтын Данзанравжаагийнхаа нутгаас наадмаа эхлүүлж байгаа нь бас их бэлэгдэлтэй. Тийм их эрчим хүчтэй газарт бид яруу найргийн энергийг олон нийтдээ түгээж байна. Дараагийн удаа эзэн Чингис хааныхаа өлгий нутагт хийнэ. Дээр нь Хан Хэнтийн яруу найраг гэж маш том зүйл бий. Төрийн соёрхолт яруу найрагч Н.Нямдорж, С.Эрдэнэ, Р.Чойном, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Цэдэндамбаа гээд Хэнтийн яруу найрагчдын том голомт байгаа учраас тэнд наадмаа хийнэ.

Г.Даша

Saturday, June 30, 2012

Хулангийн тоостой Сулинхээр, ингэн буйлаатай Хатанбулаг















Ноён хутагтын нутаг дахь “Номын гэгээ”

Хатанбулагт үүрээр очив. Зах хязгаарын бөглүү суурин үүрийн таван жингээр ажин түжинхэн угтлаа. Сумын төвийн гудамж дагуухь шонгуудад гэрэл асаастай. Улаанбаатарын Бага тойруугаас л дутахгүй гэгээтэй ажээ. Салхин сэнсээр эрчим хүч хуримтлуулан өдөрт зургаан цаг л гэрэл асдаг байсан нь Хатанбулагийнханд дурсамж болон үлджээ. “Содмонгол”-ын ерөнхийлөгч Ц.Анандбазар Өмнөговиос нарны эрчим хүч хураагуур авчирч суурилуулснаар тус суманд 24 цагийн турш Ильичийн дэнлүү асах болсон гэнэ. Биднийг нутагтаа газарчлан ирсэн Хатанбулаг сумын унаган хүү Ч.Хишиг-Эрдэнэ “Хатангаа гэрэлтэй болсноос хойш ирээгүй. Шөнө гэрэл асаад л гоё байна шүү” хэмээн өөрийн эрхгүй уулга алдаж байв.

Өглөө зочид буудлын үйлчлэгч бүсгүй бидэнд цай, хоол дөхүүлэх байтугай царай өгөх янз алга. Говийн хүний зочломтгой сайхан зан хаачив гэмээр байна шүү. Гэтэл гадаадын хүнтэй яваа болохоор үүгээр үе үе ирдэг ангийн отгийнхон гэж бодсон гэнэ. Сумын номын санд ном бэлэглэх ажлаар ирсэн учраа хэлбэл дуу шуу ороод явчихлаа. Зочид буудлын үйлчлэгчийг Норзоо гэдэг гэнэ. Тэрээр хаа хол Увсаас Хатанбулагт бэр болж иржээ. Говийн бэр ч ёстой говийнхний зангаар биднийг дайлж, Увсын брэнд болсон уураг улаан цайгаа барьж, завсар зайгаар нь яриа хөөрөө дэлгэв. БОАЖЯ-наас зөвшөөрөл авсан гадаадын анчид Хатанбулагт ирж аргаль, угалз агнадаг гэнэ. Тэд ганц ан буудах зөвшөөрөлтэй ирдэг ч хэдийг унагаад явдаг юм бүү мэд. Ямар ч байсан нутгийнхан ангийн отог ирэхэд таатай ханддаггүй гэнэ. Норзоо бидэнд анх янзгүй загнасан нь ч ийм л учиртай байж. Нутгийнх нь ховор сайхан ан амьтныг хороож намнахаар ирж байгаа харь элгийн улсад яаж ч таатай хандах билээ. Харин ном  бэлэглэнэ гэхээр үнэхээр нэг чин сэтгэлээсээ баярлаж байв. Ямар ямар ном авчирсан бэ гээд л асууна. Их говийн Догшин ноён хутагтын нутгийн зон олон ном, эрдэмд сүсэгтэй байх нь ч аргагүй бизээ.

Хатангийнхан гадаадын хүн харахаар ангийн отгийнхон гэж боддог шиг хотынхон “Хөдөө яваад ирлээ” гэхээр сонгуулийн ажлаар уу хэмээн ам асууна. Үгүй ээ намын биш, номын ажлаар гэхээр “Аан” хэмээн итгэл муутайхан дуугарна. Хаа холын хөгшин Европоос Монголын зорин ирсэн 70 гаруй настай бельги өвгөн хэдэн хайрцаг ном чирээд Улаанбаатараас Дорноговийн Хатанбулаг сум хүртэлх мянгаад километр замыг галт тэргээр галгиулан, “УАЗ-469”-өөр сэгсчүүлэн туулж очсон гэхээр итгэх хүн ховор. Итгэлээ ч бельги өвөөг эрүүл бус гэх нь халаг. Номоос холдож нам дагасан цаг болохоор ийм байдаг юм байлгүй дээ. Манай Бельги өвөө бол харин юунд ч шантрахгүй, гудиггүй, хэнэггүй гэмээр эр. Далан насны босго давчихаад ингэж явна гэдэг бас яс сайтай, чөмөгтэй л эрийн шинж. Түүний нэрийг Паул Ван Воувэ гэдэг. Бельги улс дахь Монгол Улсын өргөмжит консулын албыг олон жил хашиж байгаа ажээ. Бельги-Монголын соёлын харилцааны нийгэмлэгийн тэргүүн, Хатанбулаг сумын уугуул, яруу найрагч С.Билэгсайханы урилга, хүсэлтээр Хатанбулаг суманд хоёр дахь жилээ ирээд байгаа нь энэ. Ноднин жил Хатанбулагт анх ирж мөн л номын өглөг түгээгээд буцсан гэсэн. Энэ удаа хоёр сая гаруй төгрөгийн ном авчирснаа Хатанбулаг сумын соёлын төвийн эрхлэгч Ц.Цэцэгт гардуулан өгсөн юм. Улаанбаатарын номын дэлгүүрүүдэд бэстсэллэр болж буй “Дэлхийн түүх”-ээс эхлээд монгол хэвлэлт нь дөнгөж уншигчдын гар дээр очоод байгаа “Амьтдын тухай”  зурагт ном, “Оксфорд”  толиос эхлээд уран зохиол, гүн ухаан, сэтгэл зүй, далд ертөнцийн тухай шинэ гарсан бүх номыг сорчлон авчирчээ. Төрийн шагналт зохиолч Дармын Батбаяр Паулд номын сонголтыг нь хийж өгсөн гэнэ. Биднийг очсон өдөр сумын төвийн дунд сургуулийн есдүгээр ангийнхны төгсөлтийн баяр болж, дунд ангиа төгсч буй сурагчдийн эрдмийн баярыг нь номын баяртай хамтатган Хатанбулагийн нэгэн үдшийг дуу хуур, шүлэг найргаар мялаасан юм. “Номын гэгээ” өдөрлөгт Хатанбулаг сумын унаган хүү, МЗЭ-ийн утга зохиолын төлөө шагналт яруу найрагч, С.Чулуун, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Л.Ганзул, яруу найрагч Б.Лхагвадорж, Хатанбулагийн яруу найрагч бүсгүй Д.Бямбажав нар шүлэг найргаа уншсан. Төрсөн нутагтаа аж төрж, шүлэг найргаа туурвиж яваа яруу найрагч С.Чулуун санаачлан жил бүр Хатанбулаг нутагтаа яруу найрагчдыг урин аваачиж шүлэг найраг уншуулдаг уламжлал тогтоожээ. Төрийн шагналт Д.Цоодол, Д.Нямаа, Д.Төрбат нарын ланжгаруудаас эхлээд “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж, Ц.Хулан, яруу найрагч Х.Сүглэгмаа гээд бараг л бүх яруу найрагчид Хатанбулагт ирж Хатаны булгийнх нь ундаргыг бургилтал шүлэг найргаа уншиж байсан гэнэ. МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэг бол Хатанбулагийн унаган охин. Эргэлийн зооны энгэр бэлээр хурга, тугал хариулан гүйж явсан нэгэн билээ. Мөн “Болор цом”-ын эзэн яруу найрагч Тоомойн Очирхүү агсан Хатанбулаг суманд хүний их эмчээр ирж, ажил амьдралын гараагаа эхэлсэн түүхтэй. Нэрт яруу найрагчаар хүйгээ боолгосон олон залуу Хатанбулагт байдаг гэсэн. Энэ мэтээр яруу найраг, яруу найрагчидтай олон шижмээр холбогдсон болохоор Хатанбулагийнхан яруу найрагт дуртай. Төвөөс ирсэн найрагчдын шүлгийг амтархан сонсч, дахин дахин шүлэг дуудуулах гэнэ. Яруу найраг, дуу хуурт дуртай, бас авьяастай энэ л зон олны дундаас урлагийн олон алдартан төрөн гарчээ.  

Дорноговь аймгийн Хатанбулаг сум бол төрийн шагналт, ардын жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид, төрийн шагналт, ардын зураач Л.Гаваа нарын төрсөн нутаг. Хатанбулагийнхан ч энэ хоёр алдартнаараа ихэд бахархдаг юм билээ. Мөн төрийн шагналт зохиолч С.Удвал гуайг манай нутгийн бэр хэмээн машид дотночлон ярих аж. Ц.Сэвжид гуайнхан бүгд урлагийн алдартнууд гэдгийг монголчууд андахгүй. Төрийн шагналт бүжиг дэглээч С.Сүхбаатар, түүний хүү “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах нар яах аргагүй Хатанбулагаар овоглох болж байна. Мөн “Өргөө” хамтлагийн дуучин С.Бархасын аав Хатанбулагийн уугуул ажээ. 

   

Хөгжлөөс хоцроогүй говийн ганц айл

“Номын гэгээ” өдөрлөг номын өглөгтэй, найргийн даллагатай болж өндөрлөсний маргааш Паул бид Сулинхээрийн говиор галгиулж явав. Уг нь бид төлөвлөсөн ёсоор бол Сулинхээрт биш Сайншандын зүг довтолгож явах учиртай байв. Гэвч Хатанбулагт ирээд ганцхан хоноод явах нь Паулд харамсалтай санагджээ. Тэрээр Монголын говийн ховор сонин, өвөрмөц сайхан бүхнийг үзэхийг хүсч байгаагаа хэлсэн юм. Ингээд сул хээрийн домогт нутгаар сул тоос манарган давхих нь тэр ээ. Паулын ганц зорилго нь хулан харах. Хараад зогсохгүй хулан руу дурангаараа ганц ч болтугай шагайгаад авах л туйлын хүслэнтэй. Буу биш гэрэл зургийн дуран шагайж байгаа болохоор хулан замд аль болох ойрхон байж таараасай гэж бодож явав. Хатанбулаг сумын тэмээчин О.Эрдэнэ-Очирынд дөрөө мултлангаа Паулын хайгаад байгаа хулан хаагуур байж болохыг сураглав. Алдуул малаа сурагладаг шиг л юм болсон хэрэг. Гэрийн эзэн О.Эрдэнэ-Очир “Энүүхэн баруун говиор хулан дүүрэн байгаа” хэмээн эрүүгээрээ заав. Ингээд түүний хэлснээр гараад давхичихлаа. Явж явж цөөн хэдэн хулангийн бараа хараад л алдав. Машины бараа хараад зантгар толгой өргөн зогссоноо жигтэйхэн тоос босгон годойтол давхилдах аж. Хулан тайван идэшлэж байгаад үргэхдээ 80 км/цагийн хурдтай хөдөлдөг гэнэ. Тэр их хурд, хүчийг тэнцвэржүүлэх гэж толгойгоо гэдийлгэж, сүүлээ годойлгоод давхидаг болов уу гэлтэй. Юутай ч Паул маань хулангийн бараа харсан ч төдийлөн хангалттай зураг авч чадсангүй. Уг нь Хатанбулаг руу ирж явахдаа бид шөнө замын яг дэргэд хулангийн шанд байхтай таарсан юм. Арваад хулан гэрэлд орж ирээд цочирдсон бололтой хөдлөх үгүй сортолзон, туурайгаараа элсэн дунд тогтсон усыг цавчлан зогсох нь сонин. Пуал зургийг нь дарахаар аппаратаа гаргах хооронд говийн зэрлэг адуунууд дэрхийн алга болсон билээ. Түүнээс хойш өргөмжит консулын амнаас “кулан” гэдэг үг салахаа байсан юм. Тэмээчин эрийн хэлсэн баруун говиор баахан давхиад дахиж хулангийн бараа дахиж харсангүй. Ингээд буцах замдаа малчин айлаар бууж мордож Паулын хоёр дахь хүсэлтийг биелүүлэхээр болов. Тэрээр малчин айлд бууж, цайгаа яаж чанадаг, ингэ хэрхэн саадаг гэх мэт ахуй амьдралынх нь энгийн зүйлсийг сонирхох хүсэлтэй байв. Ноён хутагтын үеэс, магадгүй бүр түүнээс ч эрт говийн зон олон тайж тахиж ирсэн гэх эртний тахилгат Хорго хайрханы ар бэлийн овоон дээр шүлэг найраг дуудаж, С.Чулуун найрагчийн төрсөн нутагт нь хүндэтгэл үзүүлэв. Дээр өгүүлсэн Хатанбулаг сумын уугуул, яруу найрагч С.Чулуун энэ л Хорго хайрханы бэлд төрсөн ажээ. Тэрээр бидэнтэй цуг тоонотдоо ирж шүлэг дуудах байсан ч яг хөдлөх болоход ирээгүй юм. Сураг сонсвол мань эр ээждээ бяцхан зэмлүүлээд үлдсэн гэнэ. Далан нас дөхөж яваа өвгөн ээжээсээ айгаад бидэнтэй явалгүй үлдсэн гэхээр хайр хүрмээр. Ээжтэйгээ хамт өтөлнө гэдэг хүн бүрт тохиох хувь биш. Найрагч хүү нь ээждээ ардын уран зохиолч П.Бадарч найрагчийн шүлэгт гардаг шиг “өрөөлд бол хөгцтэй хад шиг цагаан толгойтой өвгөн” ч өөрт нь бол манцуйдаа тарвалзах мантан улаан хүү харагдаг биз ээ.

Ингээд бид С.Чулуун найрагчийн бэлд нь төрсөн хайрхнаас зүүн тийш хэсэгхэн довтолгоод Мөнхийн цохио гэх их хадан цохиот уулсын бэлд хүрэв. Эндэхийн хадан цохионуудын энгэрт эртний хүмүүсийн үлдээсэн сүг зураг нэн элбэг ажээ. Гэр тэрэг, буга, үхэр малын дүрс Мөнхийн цохионы энгэрийн ханан хаднуудад тун олон. Тэнд хэсэгхэн саатаад цааш хөдөлж, тэмээчин С.Ренчинлхүмбийнд буув. Гэрийн эзэд худаг дээрээ хонио ноослоод тун завгүй. Их ажлын үед нь очсоных хониных нь ахарт хайч хүргэж ёслов. Паул ч зураг дараад тун жаргалтай. Бүр өөрөө хонь хайчилж үзэж байна. Ингээд бид ээлжлэн ховоо татацгаан хонийг нь услалцаад замаа хөөсөн юм. С.Ренчинлхүмбийнхний хот айл цэвэр цэмцгэрээрээ аргагүй хараа булаана. Малынхаа саравчийг дан хөрзөнгөөр барьсан нь тун сонирхолтой. Зузаан хөрзөнг тоосго шиг дөрвөлжлөн зүсч жигдхэн өрсөн хөрзөн хороо нь намар, өвлийн хүйтэнд сайхан түлш болно. Хөрзөн хорооныхоо нэг захаас авч түлшиндээ хэрэглэхийн зэрэгцээ шинэ хөрзөн нөхөн өрөөд байдаг гэнэ. Говийн ганц айл л гэхээр ганц гэрээрээ нүүж буусан, ядуу дорой, хоцрогдмол хүмүүс байдаг гэж төсөөлдөг хүн цөөнгүй. Тийм хүмүүсийн бодлыг бидний очсон айлууд 180 хэм эргүүлнэ. Говийн уудамд тохилог сайхан байшин барьчихсан, тавган антеннтай, кабелаар тавь, жаран суваг сонгож үздэг, тэмээ мал нь өсч үржээд, товхийсэн амьжиргаатай болсон айлууд Хатанбулагт олон ажээ. Тийм л айлуудын нэг П.Сарангэрэлийн хотонд бууж мордоод сумын төв рүү буцах замдаа өглөө дөрөө мулталсан О.Эрдэнэ-Очирынд нар хэвийлгэн очив. Паулд ингэ сааж байгаа бүсгүйчүүдийн зургийг авах сайхан завшаан энэ үеэр тохиов. Мөн олон тэмээний зураг авна гэснээ ч гүйцэлдүүлсэн. Харин өнөөх “кулан”-гийн зураг сэтгэлд нь нэг л хүрээгүй болов уу. Гэхдээ өргөмжил консул маань Сулинхээрийн талаар буцаж явахдаа сэтгэл хангалуун байв. Монголчууд нүүдэлчин ахуйгаасаа холдож байгаад харамсдагаа, малчид хятад мотоциклиор хонио тууж байгаа нь сайн зүйл биш гээд л тэрээр бодож санаж явдаг зүйлээсээ хуваалцав. Европынхон бид танай малчдыг морио унаад хонь, ямаагаа хариулж байгааг л харах гэж ирдэг. Түүнээс биш машин, мотоцикль бол бидэнд огт сонин биш гээд л нухацтай инээнэ. Мөн тэрээр говийн ховор сайхан амьтдыг агнах гэж ирж байгаа хүмүүс бол тун муу гэж ойлгох хэрэгтэй хэмээн өгүүлсэн. Паул насаараа Бельгийн их, дээд сургуулиудад гүн ухааны хичээл заасан багш хүн аж. Тиймээс аливааг олон талаас нь харж, дүгнэх дуртай санагдсан.             



Эртний далайн ёроолоор зорчив

Хатанбулагт энэ жил сайхан зун болж байна. Хавар тавдугаар сард хоёр удаа бороо орсон болохоор газрын гарц тун сайхан. Говийн бор толгод нов ногоон өнгөөр дуниартана. Бид Хатанбулагаас гараад алдарт Эргэлийн зоогооро дайрч, Цувираагийн хийдийн туурь, Ноён хутагт Д.Данзанравжаагийн төрсөн бууц Шувуун шандаар дөрөө мултлан Сайншанд орох төлөвлөгөөтэй. Хатанбулаг сумын төвөөс хойш гучаадхан километрт орших эртний тахилгат Эргэл хайрхан бол геологийн тогтоц талаасаа ч тэр, археологийн олдворын өлгий нутгийн хувьд ч алдартай. Зүүнээс баруун тийш 60 гаруй километр сунаж тогтсон энэхүү тэгш ширээ мэт сайхан нурууг Эргэлийн зоо хэмээсэн нь учиртай бизээ. Нутгийнхан бол Эргэл хайрхан гэж ихэд сүсэглэнэ. Жил бүрийн зуны эхэн сард Хатанбулаг сумынхан Эргэл хайрханаа тахидаг болжээ. Эргэл хайрханы зүүн доогуур Манжийн үеийн харчин өртөөний их зам дайрч өнгөрдөг байсны ул мөр өнөө хэвээрээ.

Хөх ногооны униар татаж, говийн зэрэглээ ус мэт мяралзаад Эргэлийн зооны дээрээс хараа бэлчээхэд үнэхээр сайхан. Энэхүү Эргэлийн зоо бол аль ч талаас нь харсан эртний далайн эрэг тохой байсан болов уу гэмээр тийм хайрхан. Тиймээс өөрсдийгөө эртний далайн ёроолоор л давхиж байна гэж төсөөлөхөд сонин. Хараа сайтай хүн бол Эргэлийн зооны зүүхэн доороос эхлээд хулангийн сүрэг хуйларч байгааг харж болохоор. Паул ч энэ удаа жинхэнэ хэргээ бүтээгээд авав. Тэрээр хуланг ердөө айл саахалтын зайтай газраас харж, олон сайхан зураг авсан. Сүүлдээ бараг л машинд дайруулах шахам ойрхон  давхиж өнгөрөх хулангийн зургийг авах ч үгүй толгой дохин инээмсэглэж явав. Эргэлийн зооноос зүүн хойш Сайншандыг зорих замд аргаль тун элбэг ажээ. Говийн энэ ховор амьтны зургийг Паул маань тун ойроос дарж сэтгэл амарсан. Тэрээр Өмнөговийн Ёлын аманд аргаль харж байсан тухайгаа бидэнд хуучилсан юм. Паул 1995 оноос хойш жил бүр Монголд ирж байгаа ажээ. Ховдын Булган, Увсын Хяргас нуур гээд Монголын үзэсгэлэнт сайхан байгальтай нутгуудаар бараг бүгдээр нь аялсан гэнэ. Монголын говьд аялсан энэ удаагийн аялалдаа тун сэтгэл хангалуун байв. Эдүгээ Бельгид ажиллаж амьдарч байгаа Хатанбулаг сумын уугуул, яруу найрагч С.Билэгсайхан л Паулыг нутагтаа очихыг ятгаж дөнгөсөн хэрэг. Нутаг орноо гэх сэтгэлтэй, ном эрдэмд элэгтэй энэ залуугийн ачаар Хатанбулаг сумынхан оюуны цангаа тайлах шинэ номоор тасрахаа байжээ. Нутаг орондоо хийж буй энэхүү оюуны хөрөнгө оруулалтад нь талархах хэрэгтэй бизээ. С.Билэгсайхан Бельги дэх Монгол Улсын өргөмжит консул Паул Ван Воуве нар хамтран цаашид хулан хамгаалах төсөл хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм билээ. Хатанбулагт очсоноосоо хойш “кулан, кулан” хэмээн үглээд байсныхаа нууцыг Паул бидэнд ийн тайлсан юм. Мөн Билгээ, Паул хоёр хамтран ирэх намар есдүгээр сард олон улсын яруу найргийн фестивалийг Дорноговийн Хамарын хийдэд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа гэсэн. Ирэх жил ноён хутагтын мэндэлсний 210 жилийн ой тохионо. Энэ их ойг угтаж ирэх намар дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн яруу найрагчид ноён хутагтын байгуулсан Хамарын хийд, эртний тахилгат Эргэлийн зоонд ирж шүлгээ унших нь. Хатанбулагт яруу найрагчид очиж шүлэг унших бүрт говийн тэнгэр уярч хураа хайрладаг гэсэн. Ноён хутагтын өндөр ойн босгон дээр дорнын говьд найргийн хур ивэлж, таана, хөмөл нь газарт биш тэнгэрт хөллөх бизээ.



Г.Сонинбаяр

Saturday, June 9, 2012

"НОМЫН ГЭГЭЭ "

Ус-Нутагтаа хийж эхлээд байгаа ажлууд маань сайхан хүмүүсийн хичээл зүтгэлээр тун сайхан болоод иржээ. Юуны өмнө Бельги дэхь Монголын өргөмжит консул, Паул, яруу найрагч Г.Сонинбаяр ах, яруунайрагч Л.Ганзул анд, яруунайрагч орчуулагч дүү Б.Баясгалан, яруунайрагч Б.Лхагвадорж анд, Хатанбулгийн оюутан залуучуудын холбооны тэргүүн нутгийн дүү Ч.Хишигэрдэнэ, засаг дарга С.Баттогоо, яруу...найрагч С.Чулуун багш нартаа болон нийт энэ ажилд гар бие оролцсон бүхий л хүмүүст машид их талархахын сацуу та бүхнийг Номын гэгээ Мөнхөд ивээж явахын билэгт ерөөлийг өргөсү !
Хүндэтгэсэн. яруунайрагч Сэрээнэнгийн Билигсайхан

Tuesday, May 22, 2012

*"МИНИЙ САНАА-МИНИЙ НУТАГТ" Эсээ бичлэгийн уралдаан *

 *Удирдамж  *

 * 1 . УРАЛДААНЫ ЗОРИЛГО*

 Дорноговь аймгийн Хатанбулаг сумын оюутан залуучуудын ус нутгаа гэсэн сэтгэлийг асаах, бадраах, урам итгэл зорилго  хүсэл мөрөөдөлөөр жигүүрлүүлэх, нийгэмд өөрсдийн санаа бодол, байр сууриа илэрхийлэх чадварыг нь хөгжүүлэх, оюутан залуучуудын хамтын ажиллагаа, харилцаа холбоог бэхжүүлэхэд оршино.

 *2. ХАМРАХ Х**Ү**РЭЭ** *

 Дорноговь аймгийн Хатанбулаг сумын оюутан залуучууд, болон ус нутгаа гэсэн сэтгэлтэй хүн бүр оролцоно.

 * 3. УРАЛДААНЫ Б**Ү**ТЭЭЛД** **ТАВИГДАХ** **ШААР**ДЛАГА*
 - Сэдвийн агуулгад нийцсэн байна

 - Доод тал нь 300 үгтэй байх

 - Дээд тал нь 3н хуудсанд багтаах

 - Нутаг усаа хөгжүүлэхэд болон  Нутгийхаа зон олон элгэн садныхаа төлөө өөрсдийн хийж чадах, бүтээж чадах боломжтой зүйлийг сонгож бичих
 -Урьд өмнө нь  хэвлэгдээгүй буюу уралдаанд оролцож байгаагүй байх.
 -Эсээнийхээ хэвлэж гаргасан 1 хувийг уралдааны комисст зарласан хугацаанд
 багтаан ирүүлэх ба 1 хувийг Емайлаар sbiligsaikhan@gmail.com хаягаар илгээх

 -Эсээны хавсралтад овог нэр Емайл хаяг, холбоо барих утас, өөрсдийн товч танилцуулгыг тодорхой бичсэн байх.

 * 4. Б**Ү**ТЭЭЛИЙГ** **Х**Ү**ЛЭЭН** **АВАХ** **ХУГАЦАА** **БОЛОН** **Х**АЯГ; *

 2012.05.31-нээс өмнө, Улаанбаатар хот , СБД , МУИС-ийн хичээлийн 3-р байр болон МУБИС-н 7-н давхар байр * **5. УРАЛДААНЫГ Д**Ү**ГНЭХ** КОМИСС*
 Бельги-Монголын соёлын харилцааны нийгэмлэгийн тэргүүн, Хатанбулаг сумын уугуул Зос овогт Сэрээнэнгийн Билигсайхан болон  Хатанбулаг сумын залуучууд оюутаны холбооны бүрэлдэхүүн

 *6. ШАГНАЛ УРАМШИЛ*

 *1-р байр, өргөмжлөл 50000₮ *

 *2-р байр, өргөмжлөл 40000₮ *

 *3-р байр, өргөмжлөл 30000₮ *

 Зохион байгуулагчид *: БЕЛЬГИ-МОНГОЛЫН СОЁЛЫН ХАРИЛЦААНЫ НИЙГЭМЛЭГ, ХАТАНБУЛАГ СУМЫН ЗАЛУУЧУУД ОЮУТАНЫ ХОЛБОО, "СУЛ-ХЭЭР" САН*
 *Холбоо барих утас:* MGL gsm; 99638863 , 93051650 , BELGIUM gsm;  0032 489 724 238

"НОМЫН ГЭГЭЭ "


Өдөрлөг 2012-6-2
Дорноговь аймгийн Хатан булаг сумандзохиогдох арга хэмжээний хөтөлбөр
10:00 "Номын гэгээ" өдөрлөгийнарга хэмжээнд зориулсан Хурдан дааганы уралдаан

14:00 Бельгийн Вант улс дахь Монгол улсынөргөмжит консул ноён Паул Ван Воувэ болон  Бельги-Монголын соёлын харилцааны нийгэмлэгийн тэргүүн Хатанбулаг сумынунаган хүү, яруунайрагч Сэрээнэнгийн Билигсайхан нарын Хатанбулаг суманд 2 дахьжилдээ хэрэгжүүлж буй Шинэ номын хандивыг гардуулах арга хэмжээ
Энэ удаад; 
Хүүхдийнцэцэрлэгт 500,000 төгрөгийн үнэ бүхий монгол хэл дээрх гарсан хүүхдэд зориулсанномнууд
Сумын номынсанд 1,500,000 төгрөгийн үнэ бүхий Өнөө цаг үед шинээр орчуулагдсан, шинээрбичигдсэн, шинээр хэвлэгдсэн,  шилдэг номнуудындээжээс
15:00 Эгээрэл, Гэгээрэл, Энэрэн нигүүлсхүйталаар лекц унших арга хэмжээтэй /Бакула Рембүүчийн хийдийн ламтан лектор Б.Батсуурь /
16:30 "Номын гэгээ" өдөрлөгтУлаанбаатар хотын Утга зохиолын их сургуулиудын шилдэг залуу яруу найрагчидыняруу найргийн уншлага арга хэмжээтэй
18:30 Хатанбулаг суманд зочилж буйБельгийн вант улс дахь Монгол улсын өргөмжит консул Паул Ван Воувэ, ламтан Б.Батсуурь, залуу яруу найрагчид болон өдөрлөгийн нийт зочидод зориулсан  Хатанбулаг сумын дунд сургуулийн хүүхдүүдийнбэсрэг урлагийн тоглолттой.
19:30 Үдэшлэг                          
Зохион байгуулагчид;
БЕЛЬГИ-МОНГОЛЫН СОЁЛЫН ХАРИЛЦААНЫНИЙГЭМЛЭГ
ХАТАНБУЛАГ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫНГАЗАР
ХАТАНБУЛАГ СУМЫН СОЁЛЫН ТӨВ
ХАТАНБУЛАГ СУМЫН УЛААНБААТАРХОТ ДАХЬ ЗАЛУУЧУУД ОЮУТAНЫ ХОЛБОO