Ноён хутагтын нутаг дахь “Номын гэгээ”
Хатанбулагт үүрээр очив. Зах хязгаарын бөглүү суурин үүрийн таван жингээр ажин түжинхэн
угтлаа. Сумын төвийн гудамж дагуухь шонгуудад гэрэл асаастай. Улаанбаатарын
Бага тойруугаас л дутахгүй гэгээтэй ажээ. Салхин сэнсээр эрчим хүч хуримтлуулан
өдөрт зургаан цаг л гэрэл асдаг байсан нь Хатанбулагийнханд дурсамж болон үлджээ.
“Содмонгол”-ын ерөнхийлөгч Ц.Анандбазар Өмнөговиос нарны эрчим хүч хураагуур авчирч
суурилуулснаар тус суманд 24 цагийн турш Ильичийн дэнлүү асах болсон гэнэ. Биднийг
нутагтаа газарчлан ирсэн Хатанбулаг сумын унаган хүү Ч.Хишиг-Эрдэнэ “Хатангаа
гэрэлтэй болсноос хойш ирээгүй. Шөнө гэрэл асаад л гоё байна шүү” хэмээн өөрийн
эрхгүй уулга алдаж байв.
Өглөө зочид буудлын үйлчлэгч бүсгүй
бидэнд цай, хоол дөхүүлэх байтугай царай өгөх янз алга. Говийн хүний зочломтгой
сайхан зан хаачив гэмээр байна шүү. Гэтэл гадаадын хүнтэй яваа болохоор үүгээр
үе үе ирдэг ангийн отгийнхон гэж бодсон гэнэ. Сумын номын санд ном бэлэглэх
ажлаар ирсэн учраа хэлбэл дуу шуу ороод явчихлаа. Зочид буудлын үйлчлэгчийг
Норзоо гэдэг гэнэ. Тэрээр хаа хол Увсаас Хатанбулагт бэр болж иржээ. Говийн бэр
ч ёстой говийнхний зангаар биднийг дайлж, Увсын брэнд болсон уураг улаан цайгаа
барьж, завсар зайгаар нь яриа хөөрөө дэлгэв. БОАЖЯ-наас зөвшөөрөл авсан
гадаадын анчид Хатанбулагт ирж аргаль, угалз агнадаг гэнэ. Тэд ганц ан буудах
зөвшөөрөлтэй ирдэг ч хэдийг унагаад явдаг юм бүү мэд. Ямар ч байсан нутгийнхан
ангийн отог ирэхэд таатай ханддаггүй гэнэ. Норзоо бидэнд анх янзгүй загнасан нь
ч ийм л учиртай байж. Нутгийнх нь ховор сайхан ан амьтныг хороож намнахаар ирж
байгаа харь элгийн улсад яаж ч таатай хандах билээ. Харин ном бэлэглэнэ гэхээр үнэхээр нэг чин сэтгэлээсээ
баярлаж байв. Ямар ямар ном авчирсан бэ гээд л асууна. Их говийн Догшин ноён
хутагтын нутгийн зон олон ном, эрдэмд сүсэгтэй байх нь ч аргагүй бизээ.
Хатангийнхан гадаадын хүн харахаар
ангийн отгийнхон гэж боддог шиг хотынхон “Хөдөө яваад ирлээ” гэхээр сонгуулийн
ажлаар уу хэмээн ам асууна. Үгүй ээ намын биш, номын ажлаар гэхээр “Аан” хэмээн
итгэл муутайхан дуугарна. Хаа холын хөгшин Европоос Монголын зорин ирсэн 70
гаруй настай бельги өвгөн хэдэн хайрцаг ном чирээд Улаанбаатараас Дорноговийн
Хатанбулаг сум хүртэлх мянгаад километр замыг галт тэргээр галгиулан,
“УАЗ-469”-өөр сэгсчүүлэн туулж очсон гэхээр итгэх хүн ховор. Итгэлээ ч бельги
өвөөг эрүүл бус гэх нь халаг. Номоос холдож нам дагасан цаг болохоор ийм байдаг
юм байлгүй дээ. Манай Бельги өвөө бол харин юунд ч шантрахгүй, гудиггүй,
хэнэггүй гэмээр эр. Далан насны босго давчихаад ингэж явна гэдэг бас яс сайтай,
чөмөгтэй л эрийн шинж. Түүний нэрийг Паул Ван Воувэ гэдэг. Бельги улс дахь
Монгол Улсын өргөмжит консулын албыг олон жил хашиж байгаа ажээ. Бельги-Монголын
соёлын харилцааны нийгэмлэгийн тэргүүн, Хатанбулаг сумын уугуул, яруу найрагч
С.Билэгсайханы урилга, хүсэлтээр Хатанбулаг суманд хоёр дахь жилээ ирээд байгаа
нь энэ. Ноднин жил Хатанбулагт анх ирж мөн л номын өглөг түгээгээд буцсан
гэсэн. Энэ удаа хоёр сая гаруй төгрөгийн ном авчирснаа Хатанбулаг сумын соёлын
төвийн эрхлэгч Ц.Цэцэгт гардуулан өгсөн юм. Улаанбаатарын номын дэлгүүрүүдэд
бэстсэллэр болж буй “Дэлхийн түүх”-ээс эхлээд монгол хэвлэлт нь дөнгөж
уншигчдын гар дээр очоод байгаа “Амьтдын тухай”
зурагт ном, “Оксфорд” толиос
эхлээд уран зохиол, гүн ухаан, сэтгэл зүй, далд ертөнцийн тухай шинэ гарсан бүх
номыг сорчлон авчирчээ. Төрийн шагналт зохиолч Дармын Батбаяр Паулд номын
сонголтыг нь хийж өгсөн гэнэ. Биднийг очсон өдөр сумын төвийн дунд сургуулийн
есдүгээр ангийнхны төгсөлтийн баяр болж, дунд ангиа төгсч буй сурагчдийн
эрдмийн баярыг нь номын баяртай хамтатган Хатанбулагийн нэгэн үдшийг дуу хуур,
шүлэг найргаар мялаасан юм. “Номын гэгээ” өдөрлөгт Хатанбулаг сумын унаган хүү,
МЗЭ-ийн утга зохиолын төлөө шагналт яруу найрагч, С.Чулуун, Г.Сэр-Одын нэрэмжит
шагналт яруу найрагч Л.Ганзул, яруу найрагч Б.Лхагвадорж, Хатанбулагийн яруу
найрагч бүсгүй Д.Бямбажав нар шүлэг найргаа уншсан. Төрсөн нутагтаа аж төрж,
шүлэг найргаа туурвиж яваа яруу найрагч С.Чулуун санаачлан жил бүр Хатанбулаг
нутагтаа яруу найрагчдыг урин аваачиж шүлэг найраг уншуулдаг уламжлал тогтоожээ.
Төрийн шагналт Д.Цоодол, Д.Нямаа, Д.Төрбат нарын ланжгаруудаас эхлээд “Болор
цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж, Ц.Хулан, яруу найрагч
Х.Сүглэгмаа гээд бараг л бүх яруу найрагчид Хатанбулагт ирж Хатаны булгийнх нь
ундаргыг бургилтал шүлэг найргаа уншиж байсан гэнэ. МЗЭ-ийн гүйцэтгэх захирал,
“Болор цом”-ын эзэн яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэг бол Хатанбулагийн
унаган охин. Эргэлийн зооны энгэр бэлээр хурга, тугал хариулан гүйж явсан нэгэн
билээ. Мөн “Болор цом”-ын эзэн яруу найрагч Тоомойн Очирхүү агсан Хатанбулаг
суманд хүний их эмчээр ирж, ажил амьдралын гараагаа эхэлсэн түүхтэй. Нэрт яруу
найрагчаар хүйгээ боолгосон олон залуу Хатанбулагт байдаг гэсэн. Энэ мэтээр
яруу найраг, яруу найрагчидтай олон шижмээр холбогдсон болохоор Хатанбулагийнхан
яруу найрагт дуртай. Төвөөс ирсэн найрагчдын шүлгийг амтархан сонсч, дахин дахин
шүлэг дуудуулах гэнэ. Яруу найраг, дуу хуурт дуртай, бас авьяастай энэ л зон
олны дундаас урлагийн олон алдартан төрөн гарчээ.
Дорноговь аймгийн Хатанбулаг сум бол
төрийн шагналт, ардын жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид, төрийн
шагналт, ардын зураач Л.Гаваа нарын төрсөн нутаг. Хатанбулагийнхан ч энэ хоёр
алдартнаараа ихэд бахархдаг юм билээ. Мөн төрийн шагналт зохиолч С.Удвал гуайг
манай нутгийн бэр хэмээн машид дотночлон ярих аж. Ц.Сэвжид гуайнхан бүгд
урлагийн алдартнууд гэдгийг монголчууд андахгүй. Төрийн шагналт бүжиг дэглээч
С.Сүхбаатар, түүний хүү “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах нар яах
аргагүй Хатанбулагаар овоглох болж байна. Мөн “Өргөө” хамтлагийн дуучин
С.Бархасын аав Хатанбулагийн уугуул ажээ.
Хөгжлөөс хоцроогүй говийн ганц айл
“Номын гэгээ” өдөрлөг номын
өглөгтэй, найргийн даллагатай болж өндөрлөсний маргааш Паул бид Сулинхээрийн
говиор галгиулж явав. Уг нь бид төлөвлөсөн ёсоор бол Сулинхээрт биш Сайншандын
зүг довтолгож явах учиртай байв. Гэвч Хатанбулагт ирээд ганцхан хоноод явах нь
Паулд харамсалтай санагджээ. Тэрээр Монголын говийн ховор сонин, өвөрмөц сайхан
бүхнийг үзэхийг хүсч байгаагаа хэлсэн юм. Ингээд сул хээрийн домогт нутгаар сул
тоос манарган давхих нь тэр ээ. Паулын ганц зорилго нь хулан харах. Хараад
зогсохгүй хулан руу дурангаараа ганц ч болтугай шагайгаад авах л туйлын
хүслэнтэй. Буу биш гэрэл зургийн дуран шагайж байгаа болохоор хулан замд аль
болох ойрхон байж таараасай гэж бодож явав. Хатанбулаг сумын тэмээчин
О.Эрдэнэ-Очирынд дөрөө мултлангаа Паулын хайгаад байгаа хулан хаагуур байж
болохыг сураглав. Алдуул малаа сурагладаг шиг л юм болсон хэрэг. Гэрийн эзэн
О.Эрдэнэ-Очир “Энүүхэн баруун говиор хулан дүүрэн байгаа” хэмээн эрүүгээрээ
заав. Ингээд түүний хэлснээр гараад давхичихлаа. Явж явж цөөн хэдэн хулангийн
бараа хараад л алдав. Машины бараа хараад зантгар толгой өргөн зогссоноо
жигтэйхэн тоос босгон годойтол давхилдах аж. Хулан тайван идэшлэж байгаад
үргэхдээ 80 км/цагийн хурдтай хөдөлдөг гэнэ. Тэр их хурд, хүчийг тэнцвэржүүлэх
гэж толгойгоо гэдийлгэж, сүүлээ годойлгоод давхидаг болов уу гэлтэй. Юутай ч
Паул маань хулангийн бараа харсан ч төдийлөн хангалттай зураг авч чадсангүй. Уг
нь Хатанбулаг руу ирж явахдаа бид шөнө замын яг дэргэд хулангийн шанд байхтай
таарсан юм. Арваад хулан гэрэлд орж ирээд цочирдсон бололтой хөдлөх үгүй
сортолзон, туурайгаараа элсэн дунд тогтсон усыг цавчлан зогсох нь сонин. Пуал
зургийг нь дарахаар аппаратаа гаргах хооронд говийн зэрлэг адуунууд дэрхийн
алга болсон билээ. Түүнээс хойш өргөмжит консулын амнаас “кулан” гэдэг үг
салахаа байсан юм. Тэмээчин эрийн хэлсэн баруун говиор баахан давхиад дахиж
хулангийн бараа дахиж харсангүй. Ингээд буцах замдаа малчин айлаар бууж мордож
Паулын хоёр дахь хүсэлтийг биелүүлэхээр болов. Тэрээр малчин айлд бууж, цайгаа
яаж чанадаг, ингэ хэрхэн саадаг гэх мэт ахуй амьдралынх нь энгийн зүйлсийг
сонирхох хүсэлтэй байв. Ноён хутагтын үеэс, магадгүй бүр түүнээс ч эрт говийн
зон олон тайж тахиж ирсэн гэх эртний тахилгат Хорго хайрханы ар бэлийн овоон
дээр шүлэг найраг дуудаж, С.Чулуун найрагчийн төрсөн нутагт нь хүндэтгэл
үзүүлэв. Дээр өгүүлсэн Хатанбулаг сумын уугуул, яруу найрагч С.Чулуун энэ л
Хорго хайрханы бэлд төрсөн ажээ. Тэрээр бидэнтэй цуг тоонотдоо ирж шүлэг дуудах
байсан ч яг хөдлөх болоход ирээгүй юм. Сураг сонсвол мань эр ээждээ бяцхан
зэмлүүлээд үлдсэн гэнэ. Далан нас дөхөж яваа өвгөн ээжээсээ айгаад бидэнтэй
явалгүй үлдсэн гэхээр хайр хүрмээр. Ээжтэйгээ хамт өтөлнө гэдэг хүн бүрт тохиох
хувь биш. Найрагч хүү нь ээждээ ардын уран зохиолч П.Бадарч найрагчийн шүлэгт
гардаг шиг “өрөөлд бол хөгцтэй хад шиг цагаан толгойтой өвгөн” ч өөрт нь бол
манцуйдаа тарвалзах мантан улаан хүү харагдаг биз ээ.
Ингээд бид С.Чулуун найрагчийн бэлд
нь төрсөн хайрхнаас зүүн тийш хэсэгхэн довтолгоод Мөнхийн цохио гэх их хадан
цохиот уулсын бэлд хүрэв. Эндэхийн хадан цохионуудын энгэрт эртний хүмүүсийн
үлдээсэн сүг зураг нэн элбэг ажээ. Гэр тэрэг, буга, үхэр малын дүрс Мөнхийн
цохионы энгэрийн ханан хаднуудад тун олон. Тэнд хэсэгхэн саатаад цааш хөдөлж,
тэмээчин С.Ренчинлхүмбийнд буув. Гэрийн эзэд худаг дээрээ хонио ноослоод тун
завгүй. Их ажлын үед нь очсоных хониных нь ахарт хайч хүргэж ёслов. Паул ч зураг
дараад тун жаргалтай. Бүр өөрөө хонь хайчилж үзэж байна. Ингээд бид ээлжлэн ховоо
татацгаан хонийг нь услалцаад замаа хөөсөн юм. С.Ренчинлхүмбийнхний хот айл
цэвэр цэмцгэрээрээ аргагүй хараа булаана. Малынхаа саравчийг дан хөрзөнгөөр
барьсан нь тун сонирхолтой. Зузаан хөрзөнг тоосго шиг дөрвөлжлөн зүсч жигдхэн
өрсөн хөрзөн хороо нь намар, өвлийн хүйтэнд сайхан түлш болно. Хөрзөн
хорооныхоо нэг захаас авч түлшиндээ хэрэглэхийн зэрэгцээ шинэ хөрзөн нөхөн
өрөөд байдаг гэнэ. Говийн ганц айл л гэхээр ганц гэрээрээ нүүж буусан, ядуу
дорой, хоцрогдмол хүмүүс байдаг гэж төсөөлдөг хүн цөөнгүй. Тийм хүмүүсийн
бодлыг бидний очсон айлууд 180 хэм эргүүлнэ. Говийн уудамд тохилог сайхан
байшин барьчихсан, тавган антеннтай, кабелаар тавь, жаран суваг сонгож үздэг,
тэмээ мал нь өсч үржээд, товхийсэн амьжиргаатай болсон айлууд Хатанбулагт олон
ажээ. Тийм л айлуудын нэг П.Сарангэрэлийн хотонд бууж мордоод сумын төв рүү
буцах замдаа өглөө дөрөө мулталсан О.Эрдэнэ-Очирынд нар хэвийлгэн очив. Паулд
ингэ сааж байгаа бүсгүйчүүдийн зургийг авах сайхан завшаан энэ үеэр тохиов. Мөн
олон тэмээний зураг авна гэснээ ч гүйцэлдүүлсэн. Харин өнөөх “кулан”-гийн зураг
сэтгэлд нь нэг л хүрээгүй болов уу. Гэхдээ өргөмжил консул маань Сулинхээрийн
талаар буцаж явахдаа сэтгэл хангалуун байв. Монголчууд нүүдэлчин ахуйгаасаа
холдож байгаад харамсдагаа, малчид хятад мотоциклиор хонио тууж байгаа нь сайн
зүйл биш гээд л тэрээр бодож санаж явдаг зүйлээсээ хуваалцав. Европынхон бид
танай малчдыг морио унаад хонь, ямаагаа хариулж байгааг л харах гэж ирдэг.
Түүнээс биш машин, мотоцикль бол бидэнд огт сонин биш гээд л нухацтай инээнэ. Мөн
тэрээр говийн ховор сайхан амьтдыг агнах гэж ирж байгаа хүмүүс бол тун муу гэж ойлгох
хэрэгтэй хэмээн өгүүлсэн. Паул насаараа Бельгийн их, дээд сургуулиудад гүн
ухааны хичээл заасан багш хүн аж. Тиймээс аливааг олон талаас нь харж, дүгнэх
дуртай санагдсан.
Эртний далайн ёроолоор зорчив
Хатанбулагт энэ жил сайхан зун болж
байна. Хавар тавдугаар сард хоёр удаа бороо орсон болохоор газрын гарц тун сайхан.
Говийн бор толгод нов ногоон өнгөөр дуниартана. Бид Хатанбулагаас гараад алдарт
Эргэлийн зоогооро дайрч, Цувираагийн хийдийн туурь, Ноён хутагт
Д.Данзанравжаагийн төрсөн бууц Шувуун шандаар дөрөө мултлан Сайншанд орох
төлөвлөгөөтэй. Хатанбулаг сумын төвөөс хойш гучаадхан километрт орших эртний
тахилгат Эргэл хайрхан бол геологийн тогтоц талаасаа ч тэр, археологийн
олдворын өлгий нутгийн хувьд ч алдартай. Зүүнээс баруун тийш 60 гаруй километр
сунаж тогтсон энэхүү тэгш ширээ мэт сайхан нурууг Эргэлийн зоо хэмээсэн нь
учиртай бизээ. Нутгийнхан бол Эргэл хайрхан гэж ихэд сүсэглэнэ. Жил бүрийн зуны
эхэн сард Хатанбулаг сумынхан Эргэл хайрханаа тахидаг болжээ. Эргэл хайрханы
зүүн доогуур Манжийн үеийн харчин өртөөний их зам дайрч өнгөрдөг байсны ул мөр
өнөө хэвээрээ.
Хөх ногооны униар татаж, говийн
зэрэглээ ус мэт мяралзаад Эргэлийн зооны дээрээс хараа бэлчээхэд үнэхээр
сайхан. Энэхүү Эргэлийн зоо бол аль ч талаас нь харсан эртний далайн эрэг тохой
байсан болов уу гэмээр тийм хайрхан. Тиймээс өөрсдийгөө эртний далайн ёроолоор
л давхиж байна гэж төсөөлөхөд сонин. Хараа сайтай хүн бол Эргэлийн зооны зүүхэн
доороос эхлээд хулангийн сүрэг хуйларч байгааг харж болохоор. Паул ч энэ удаа
жинхэнэ хэргээ бүтээгээд авав. Тэрээр хуланг ердөө айл саахалтын зайтай газраас
харж, олон сайхан зураг авсан. Сүүлдээ бараг л машинд дайруулах шахам
ойрхон давхиж өнгөрөх хулангийн зургийг
авах ч үгүй толгой дохин инээмсэглэж явав. Эргэлийн зооноос зүүн хойш
Сайншандыг зорих замд аргаль тун элбэг ажээ. Говийн энэ ховор амьтны зургийг
Паул маань тун ойроос дарж сэтгэл амарсан. Тэрээр Өмнөговийн Ёлын аманд аргаль
харж байсан тухайгаа бидэнд хуучилсан юм. Паул 1995 оноос хойш жил бүр Монголд
ирж байгаа ажээ. Ховдын Булган, Увсын Хяргас нуур гээд Монголын үзэсгэлэнт
сайхан байгальтай нутгуудаар бараг бүгдээр нь аялсан гэнэ. Монголын говьд
аялсан энэ удаагийн аялалдаа тун сэтгэл хангалуун байв. Эдүгээ Бельгид ажиллаж
амьдарч байгаа Хатанбулаг сумын уугуул, яруу найрагч С.Билэгсайхан л Паулыг
нутагтаа очихыг ятгаж дөнгөсөн хэрэг. Нутаг орноо гэх сэтгэлтэй, ном эрдэмд
элэгтэй энэ залуугийн ачаар Хатанбулаг сумынхан оюуны цангаа тайлах шинэ номоор
тасрахаа байжээ. Нутаг орондоо хийж буй энэхүү оюуны хөрөнгө оруулалтад нь
талархах хэрэгтэй бизээ. С.Билэгсайхан Бельги дэх Монгол Улсын өргөмжит консул
Паул Ван Воуве нар хамтран цаашид хулан хамгаалах төсөл хэрэгжүүлэхээр зорьж
байгаа юм билээ. Хатанбулагт очсоноосоо хойш “кулан, кулан” хэмээн үглээд
байсныхаа нууцыг Паул бидэнд ийн тайлсан юм. Мөн Билгээ, Паул хоёр хамтран ирэх
намар есдүгээр сард олон улсын яруу найргийн фестивалийг Дорноговийн Хамарын
хийдэд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа гэсэн. Ирэх жил ноён
хутагтын мэндэлсний 210 жилийн ой тохионо. Энэ их ойг угтаж ирэх намар дэлхийн
өнцөг булан бүрээс ирсэн яруу найрагчид ноён хутагтын байгуулсан Хамарын хийд,
эртний тахилгат Эргэлийн зоонд ирж шүлгээ унших нь. Хатанбулагт яруу найрагчид
очиж шүлэг унших бүрт говийн тэнгэр уярч хураа хайрладаг гэсэн. Ноён хутагтын
өндөр ойн босгон дээр дорнын говьд найргийн хур ивэлж, таана, хөмөл нь газарт
биш тэнгэрт хөллөх бизээ.
Г.Сонинбаяр